Зээлийн хүү болон төлбөрийг 90 хоног хойшлуулах тухай ЗГ-ын шийдвэр хэрэгжиж эхлээгүй байна

admin 2020-03-23 15:50:47
Зээлийн хүү болон төлбөрийг 90 хоног хойшлуулах тухай ЗГ-ын шийдвэр хэрэгжиж эхлээгүй байна

Өнгөрөгч долоо хоногт Засгийн газар хуралдаж хэрэглээний зээлийн хүү болон үндсэн өрийг 90 хоногийн хугацаанд төлөхөөргүй болгож, хойшлуулах шийдвэр гаргасан.

Уг шийдвэр бүх арилжааны банк болон Банк бус санхүүгийн байгууллагуудад хамаатай бөгөөд цалин, тэтгэвэр, ипотекийн бүх зээл хамрагдана гэж мэдэгдсэн билээ.

Сангийн сайд болон Монгол банкны ерөнхийлөгчийн мэдээлснээр нийт 1,5 их наядын зээл бүхий 1000 орчим иргэн, аж ахуйн нэгж зээлтэй холбоотой асуудлаа шийдүүлэх хүсэлт, гомдол ирүүлсний дагуу дээрх шийдвэрийг гаргасан.

Гэвч уг шийдвэрээс хойш долоо хоног өнгөрсөн ч банкууд иргэдийн зээлийг хойшлуулах ямар нэгэн арга хэмжээ авч эхлээгүй байна.

Тиймээс бид арилжааны банкууд руу холбогдож “зээл хойшлуулах” Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлж байгаа эсэх талаар тодрууллаа.  Ингэхэд,

ХААН БАНК:

“Засгийн газрын мэдэгдлээс хойш уг асуудлыг судалж байна. Тодорхой шийдэлд хүрээгүй байна. Тодорхой шийдвэр гаргасны дараагаар албан ёсны мэдээлэл өгнө” гэсэн юм.

ТӨРИЙН БАНК:

Мөн л “Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу хуралдаж байна. Удахгүй шийдвэрээ гаргаж танилцуулна” гэлээ.

ГОЛОМТ БАНК:

Тус банкны лавлах 1800-1646 руу залгаж мэдээллийн ажилтантай холбогдох гэсэн ч лавлах утасныхаа автомат хариулагчийн эхний мэдээлэлд “зээлийн төлбөр болон зээлийн хүүг хойшлуулахтай холбоотой албан ёсны чиглэл ирээгүй байна” гэсэн анхуурлга мэдээллийг байршуулжээ.

Ийнхүү аль ч банк өнөөдрийн байдлаар Засгийн газар, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс гаргасан  зээлийн төлбөр болон хүүг хойшлуулах шийдвэрийг дагаж мөрдөөгүй байна. Хэдийгээр арилжааны банкууд Засгийн газрын шийдвэрийг биелүүлэх албагүй ч коронавирусээс үүдэлтэй эдийн засгийн нөхцөл байдал хүндрэх болсон үед тэд "тодорхой алхам хийж, зээлийн хүү, төлбөр хойшлуулахад анхаарах"-аа амласан байдаг. Монгол банк ч бодлогын хүүгээ бууруулах замаар дэмжлэг үзүүлсэн юм. 

Эх сурвалж: 
https://livetv.mn/